From Wikipedia, the free encyclopedia
Магсаржавын Дугаржав (1893-1946) нь Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, дуучин, дуу зохиогч, хуурч, лимбэч хөгжимчин хүн байв.
Тэрбээр эцгийнхээ 24 настайд Сэцэн хан аймгийн Далай вангийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн. Эцэг Наваанлувсанцэдэнгийн Магсаржав (1869-1935) нь олноо «Магсар хурц» хэмээн алдаршсан бичгийн түшмэл, Шүүх яамны сайд, нэртэй эрдэмтэн хүн байсан.
Дугаржав 1910-аад оноос эхлэн Монголын Цэргийн яам (1917-1918) ба Их Шавьд бичгийн алба хашиж явсан. Монголын тусгаар тогтнолын төлөө С. Данзан, Д. Догсом, Д. Сүхбаатар нарын хамт Монгол Ардын Намын эх үүсвэрийг тавьж, төлөөлөгчдийг ЗХУ-д одсон үед Нийслэл хүрээн дэх нууц байгууллагын ажлыг удирдан явуулж байсан.
15 наснаас Хошуу тамга, аймгийн яаманд бичээч,
1917-1918 онд Гадаад ба Цэргийн яаманд бичээч,
1921 онд (28 нас) ардын хувьсгал ялмагц Магсар хурцын Дугаржав Сэцэн хан аймгийг хамгаалан тохинуулах сайд, Зүүн хязгаарыг батлан тохинуулах сайд, шинэ тутам байгуулсан 2-р морин бригадын захирагч гэсэн гурван давхар тушаалд тохоогдон үүргээ нэр төртэй биелүүлж, 1922 онд (29 нас) Богд хааны зарлигаар Монгол Улсын Хурц баатар цол шагнуулж байжээ.
1922-1928 онд Хотын намын хороонд нарийн бичгийн дарга, 1923-1926 онд Цагдан сэргийлэхийн дарга, 1929-1932, 1937-1941 онд Тагна Тува улсад суух Бүрэн эрх барих төлөөлөгчөөр ажиллаж байжээ. 1932 оноос Гадаад яамны дэд сайд, 1936 оноос Засгийн газрын тусгай хэлтсийн эрхлэгч, Улсын драмын театрт дуучин зэрэг ажил хийж явжээ.
М.Дугаржав хэн хүнд ховорхон заяадаг зурах, сийлэх, урлах чадвар төгс, дуулах хуурдахдаа үнэхээр гайхам авьяастай нэгэн байлаа. Ардын хувьсгалын сүлд дуу болсон "Шивээ Хиагт", "Улаан туг"-аас эхлээд монгол түмний дуулах дуртай "Жавхлант сүрэг" (сонгодог уртын дуу), "Идэр жинчин" (бэсрэг уртын дуу), "Баян Монгол", "Үхэрчин хүү" зэрэг дууны аяыг зохиосон тэрээр БНМАУ-ын Гавьяат Жүжигчин цолыг 1935 онд хүртжээ.
Дугаржав нь 1934 онд "Монгол ардын үндэсний соёлын зам" сэтгүүлд "Үндэсний дуу хөгжмийг хэрхэн мандуулах тухай" өгүүлэл бичиж, төгөлдөр хуурч Минна Давыдовна Берлин-Печникова, шавь Жигзавын Дорждагва нартай хамтран монгол ардын урт, богино, шинэ, хуучин 100 гаруй дууг эмхэтгэн ноотолж буулган, 1935 онд хэвлэгдэн гарсан "Монгол дуунууд" түүвэр, 1936 онд хэвлэгдсэн "Монгол уртын дууны түүвэр" бүтээлүүдийн ерөнхий редактороор ажиллан үндэсний дуу хөгжмөө ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээжээ.
"Монгол интернационал" дуу нь түүнийг улс төрийн хилс хэргээр баривчлагдах хүртэл манай улсын Төрийн дуулал болон эгшиглэж байсан билээ.
1930-аад оны их хэлмэгдүүлэлтэд өртөж, 1941 онд хүнд ял заагдан шоронд хоригдож ахуйдаа 1946 oнд амь эрсэдсэн.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.