![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/mn/thumb/4/45/Linkinparklivingthings.jpg/640px-Linkinparklivingthings.jpg&w=640&q=50)
Линкин Парк
From Wikipedia, the free encyclopedia
Линкин Парк нь 1996 онд Калифорни мужийн Агоура Хиллс хотод байгуулагдсан Америкийн рок хамтлаг юм. Хамтлагийн бүрэлдэхүүнд дуучин, хэмнэлт гитарчин, кейборд хөгжимчин Майк Шинода, гоцлол гитарчин Брад Делсон, басс гитарчин Дэйв Фаррелл, DJ Жое Хан, гоцлол дуучин Честер Беннингтон (2017 онд нас барах хүртлээ) нарын зургаан хүний бүрэлдэхүүнтэй юм. Алтернатив рок жанрт ангилагддаг Линкин Парк хамтлаг өмнө нь хүнд метал болон хип хоп-ыг нэгтгэж уран бүтээлээ туурвидаг байсан бол хожим нь электроник болон поп элементүүдийг илүү ашиглах болсон байдаг.
Линкин Парк | |
---|---|
![]() Линкин Парк Living Things 2012 | |
Ерөнхий мэдээлэл | |
Гарал | Агоура Хиллс, Калифорни, АНУ |
Хөгжмийн урсгал | Алтернатив рок, ну метал, реп рок, алтернатив метал, электроник рок, поп рок |
Идэвхтэй | 1996-2017 |
Студи | Warner, Machine Shop |
Цахим хуудас | linkinpark.com |
Гишүүдийн нэрс | |
Роб Боурдон Брад Делсон Майк Шинода Дэйв Фаррелл Жое Хан | |
Өмнөх гишүүд | |
Марк Уэйкфилд Честер Беннингтон |
Линкин Парк нь анхны студийн цомог болох Hybrid Theory (2000) цомгоороо олон улсад алдаршиж, мөн энэ нь Америкийн дуу бичлэг, үйлдвэрлэлийн холбоо (RIAA)-оос Diamond гэрчилгээгээр баталгаажсан байна. Ну метал урсгалын оргил үед гарч байсан энэ цомгийн "One Step Closer", "Crawling", "In the End" зэрэг сингл дуунууд нь MTV болон АНУ-ын Mainstream Rock зэрэг чартуудыг тэргүүлжээ. "In the End" нь Billboard Hot 100 жагсаалтын хоёрдугаар байрыг эзэлсэн байна. Тэдний хоёр дахь студийн цомог Meteora (2003) нь хамтлагийн амжилтыг үргэлжлүүлсэн юм. Хамтлагийнхан Minutes to Midnight (2007) хэмээх гурав дахь цомгоороо өөр урсгал, хэв маягийг туршиж эхэлсэн байна. Арваны (арван жилийн хугацаанд) эцэс гэхэд Линкин Парк нь хамгийн амжилттай рок хамтлагуудын нэг болжээ.
Тус хамтлаг дөрөв дэх цомог болох A Thousand Suns (2010) цомгоо хөгжмийн илүү өргөн хүрээтэй хувилбаруудыг үргэлжлүүлэн судалж, хөгжмөө илүү электрон дуугаралттай хослуулан гаргасан байна. Тав дахь студийн цомог Living Things (2012)-ийг өмнөх бүх хөгжмийн элементүүдийг нэгтгэж гаргажээ. Тэдний зургаа дахь цомог болох The Hunting Party (2014) нь илүү хүнд рок дуутай болж эхэлсэн бол, долоо дахь цомог One More Light (2017) нь поп урсгалыг шинээр оруулж ирсэн цомог болжээ. Линкин Парк нь 2017 оны 07 дугаар сард гоцлол дуучин Беннингтонг амиа хорлосны дараа тодорхойгүй хугацаанд завсарлага авсан бөгөөд үүнээс хойш ямар ч уран бүтээл, аялан тоглолт хийгээгүй байна. Беннингтонг нас барснаас хойш тэд 2024 онд эхний хоёр цомгийнхоо 20 жилийн ойд зориулж бүх хит дуунуудаа багтаасан Papercuts эмхтгэлийг хэвлүүлэн гаргажээ.
Линкин Парк нь дэлхий даяар 100 гаруй сая цомог борлуулж, 21-р зууны хамгийн их борлуулалттай хамтлаг, дэлхий даяар хамгийн их борлуулалттай хөгжмийн уран бүтээлчдийн нэг билээ. Тэд Грэммийн шагнал 2, Америкийн хөгжмийн шагнал 6, Billboard хөгжмийн шагнал 2, MTV-ийн хөгжмийн шагнал 4, MTV Европын хөгжмийн шагнал 10, Дэлхийн хөгжмийн шагнал 3 зэргийг тус тус хүртсэн байна. 2003 онд MTV2 Линкин Паркийг хөгжмийн видеоны үеийн зургаа дахь шилдэг хамтлаг, шинэ мянганы гурав дахь шилдэг хамтлагаар өргөмжилжээ. Харин Billboard-оос арваны шилдэг уран бүтээлчдийн жагсаалтын 19-р байранд оруулсан байна. 2012 онд тус хамтлаг VH1 сувгийн Bracket Madness санал асуулгаар 2000-аад оны шилдэг уран бүтээлчээр шалгарчээ. 2014 онд Kerrang!-аас одоо цагийн дэлхийн хамгийн том рок хамтлагаар зарласан байна.