Каннам дүүрэг
From Wikipedia, the free encyclopedia
Бүгд Найрамдах Солонгос Улсын нийслэл Сөүл хотын 25 дүүргийн (солонгосоор 구 — gu, кү[1]) нэг нь Каннам (солонгосоор 강남구 — Gangnam-gu буюу Каннам-кү[2]) юм.
«Гол», «мөрөн» гэсэн утгатай 강 (кан), «өмнө», «өмнөд» гэх 남 (нам), «хотын дүүрэг», «хэсэг газар» гэх 구 (кү) гурван үсэг нийлж «Мөрний өмнөд дүүрэг» буюу 강남구 (Каннамкү) гэж нэрийдэгдсэн. Хан мөрний өмнөд эргийн (харин голын урсгалыг дагуулвал зүүн эрэг) 39,55 км² дэвсгэр газар Каннам дүүрэгт хамаарна. Сөүлийн олон дүүргээс баячуудын, тансаг, цэвэр цэмцгэр, хүн шигүү суурьшдагаараа Каннам ялгардаг. 2007 оны эцсээр Каннам дүүрэгт 561 мянган хүн, түүн дотроо 7054 гадаадын харьяат хүн оршин сууж байна.[3] Дотроо 22 хороотой (동 — dong буюу тун[4]). 1980 он хүртэл Каннам дүүрэг нь Сөүлийн бусад дүүргүүдээс хамгийн хөгжил дорой дүүрэг байсан бол үүнээс хойш гучхан жилийн дотор гайхалтай хөгжилд хүрч Өмнөд Солонгос тэр дундаа Сөүлийн хамгийн хамгийн нөлөөтэй, эрч хүчтэй, хөрөнгөтэй хүмүүсийн нэр хүндийн баталгаа болтлоо хөгжсөн билээ.