From Wikipedia, the free encyclopedia
Жаргалант (монгол бичгээр жиргалангту) нь Архангай аймгийн сум юм.
Жаргалант сум
ᠵᠢᠷᠭᠠᠯᠠᠩᠲᠤᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Архангай |
Сумын төв | Баянцагаан |
Газар нутаг | |
• Нийт | 2,832.8 км2 (1,093.8 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 4,383 |
• Нягтрал | 1.5/км2 (4/бээр2) |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Вэб сайт | http://jargalant.ar.gov.mn/ |
Жаргалант сум нь 5 багаас бүрддэг: Эрдэнэ-Уул, Хоолт, Зуслан, Асайт, Баянцагаан. Дулаанхан уулын хормойд орших сумын төвийн дундуур Улиастайн гол урсдаг. Чулуутын гол тус сумын нутгаар дайран өнгөрдөг. Сумын хамгийн өндөр уул нь Пэрэнлэйлхүндэв.
Нийслэл Улаанбаатар хотоос 562 км-ийн алсад оршдог тус сум нь ур ухаан, уран гартны өлгий нутаг гэгддэг бөгөөд, цагаан модон эмээлээрээ алдартай нутаг юм. Самар, жимс элбэгтэй. Байгалийн үзэсгэлэнт газар, түүх дурсгалын олдвор, түрэгийн үеийн хүн чулуу, хадны сүг зураг, ан амьтан араатан жигүүртэн, ховор эмийн ургамалтай, сүрлэг сайхан уул усаар хүрээлэгдсэн сум юм.
Сайн ноён хан аймгийн эетэй засгийн хошууны үүсгэл, нутаг дэвсгэр: Суут Богд Чингис Тэмүжин хааны арван дөрөвдүгээр үеийн үр Батмөнх Даян хаан хөвгүүддээ нутаг дэвсгэрээ хуваан өмчлөн захируулахад отгон хөвгүүн Гэрсэнзэд Халх түмэн ногджээ. Гэрсэнзийн эцэг нь алтан ургийн боржигин овогт хаан, эх нь Жалайр аймгийн хатан байсан тул Монголын түүхийн сурвалж бичгүүдэд түүнийг Гэрсэнз жалайр хун тайж хэмээн тэмдэглэдэг. Гэрсэнз 1513 онд төрж, 1549 онд 36 настайдаа нас нөгчжээ. Гэрсэнзийн үед Халхын нутаг дэвсгэр нь зүүн зүг Хянганы нуруунаас баруун зүг Алтай уул, өмнө зүг элсэн говиос хойд зүг Орос улсын хил хүрч байв. Гэрсэнзийг нас нөгчсөний дараа түүний их хатан Хатунгай Халхыг долоон хөвгүүнд нь хуваан захируулснаар “Халх долоох хошуу” үүсчээ. Халхыг хуваан захируулахад гуравдугаар хөвгүүн Онохуйд Горлос, Хэрэгүүд отог ногджээ. Горлос нь язгуурын монголчуудын Дарлигины бүлэгт багтаж байсан эртний аймаг. ХII зууны үед Горлос нь Хянганы нуруугаар нутаглаж, Хамаг Монголын Хадаан баатар, Хотула хаан нарын эзэмшил байгаад 1203 онд Тэмүүжиний эрхшээлд орсон.
1206 онд Их монгол Улс байгуулагдахад Горлос нь Өүлэн эх, Хавт Хасарын эзэмшилд очиж, зарим нь баруун тийш нүүдэллэж Узбекийн холбоонд багтсан. Өүлэн эхийн эзэмшилд очсон Горлос нар нь Монголын хаадын үр хойчист захирагдан явсаар ХҮI зууны дундуур Халхын долоон отгийн бүрэлдэхүүнд багтаж, ХҮII зууны сүүл үеэс Хэрэгүүд нарын хамт Түшээт хан аймгийн бүрдүүлжээ. ХҮI –ХҮII зууны үед Горлосын гол хэсэг нь Хангайн нуруунаас Хэрлэн гол хүртэл Орхон, Туулын бэлчирээр нутаглаж байсан. Хавт Хасарын эзэмшилд очсон Горлос нар нь түүний удмын ноёдод захирагдаж явсаар Өвөр монголын Жиримийн чуулганы Горлос хоёр хошуу болсон. Хэрэгүүд нь Хиргис гаралтай эртний овог. Енисей мөрний эхэн урсгалаар нутаглаж явсан Хиргис нар нь IХ зууны дунд үед Монгол нутагт түрэн орж ирж төр улс байгуулан 50 орчим жил монгол нутагт ноёрхож байсан. ХIII зууны эхээр Хиргис нар монголын эзэнт гүрний захиргаанд орж, хожим хэдэн зуун жил болоход халхжиж ХҮI зуунд Хэрэгүүд нь Ар халхын 13 отгийн нэг болсон. Ар Халхын долоон хошуу нь дотроо баруун, зүүн гар болон хуваагддаг. Зүүн гар нь Гэрсэнзийн гуравдугаар хөвгүүн Онохуй үйзэн, дөрөвдүгээр хөвгүүн Аминдурал, тавдугаар хөвгүүн Дарь нарын эзэмшлээс бүрдэнэ. Дарь тайж үргүй тул түүний хувь эзэмшил Аминдуралд шилжжээ. Зүүн гарын нутаг дэвсгэр нь Хангайн уулсаас Халх гол хүртэлх нутгийг хамарч Онохуй үйзэн, Аминдурал нарын эзэмшил нутаг нь Хэрлэн голоор зааглагдаж байв. Онохуй үйзэн ноёны орд өргөө нь Туул гол, Эрдэнэзуу орчмын газарт байрлаж байжээ.
Онохуй үйзэн ноёны дөрөвдүгээр хөвгүүн нь Түмэнхан Хөндлөн ноён болно. Түмэнхан хөндлөн ноёны арван гурван хөвгүүдийн Харъяат нар нь Сайн ноён хан аймгийн эх үүсвэрийг тавьжээ. Түмэнхан ноён, түүний хөвгүүдийн орд өргөө нь Онгийн голын Гуюрихын газарт байжээ.
Түмэнхан Хөндлөн ноён улааны шашны урсгалын эсрэг шарын шашны урсгалыг дэмжсэн учир Банчин богдоос “Сайн ноён” цол хүртжээ. Тэрбээр ХҮII зууны эхээр Төвдөд гарсан улаан, шар малгайтын хоёр урсгалын тэмцэлдээний үеэр шар малгайтанд туслахаар Лхаст хүрэлцэн ирж, Баруун зууд Далай Блама-гийн шарилын сүм бүтээх зэргээр ихээхэн эргэл мөргөл үйлдэж, өргөл барьц өгсөний учир Банчин Богдоос “Номун хаан, Хөндлөн цөхүр” цол, мөнгөн тамгаар шагнагджээ. Түмэнхэний зүтгэл чармайлт, нэр сүрийг алдаршуулж, түүний ач хүү Данзан лам гэгч нь Халхын феодалуудын дотроос анх удаа өвөг эцгийнхээ “Номун хаан” хэмээх шашны цолыг залгамжлан авч, улмаар Онохуй үйзэн ноёны эзэмшлээс салж, тусгай биеэ даасан эзэмшил болжээ. Түмэнхэний суурийг тавьж,Данзан ламын тэтгэсэн шарын шашны үйл ажиллагаа нь яван явсаар их хүч нөлөө орж, хожим нь Халхын гурван аймгаас “Сайн ноён” аймаг салбарлан гарахын нэгэн шалтгаан болжээ. 1691 онд Манж Чин Улс Халх Монголыг албан ёсоор нэгтгэх ёслол хийсэн Долоннуурын чуулганаар Халхын хошуудыг олшруулан 34 хошуу болгоход Түшээт ханд 9, Сэцэн ханд 11, Засагт ханд 7, Сайн ноёнд 7 хошуу байгуулжээ. Долоннуурын чуулганаар Сайн ноёны 7 хошууг Түшээт ханд захируулсан боловч, хожим 1725 онд тусгай аймаг болгосон.
1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр буулгасан Богд хаантаны Хишиг тархаах зарлигаар Сайн ноён Төгс-Очирын Намнансүрэнд үе улиран хан, ногоон жууз, шар хүрэм, улбар шар жолоо, Итгэмжит Эетэй дайчин цол шагнан хүртээснээр Халх монгол нь 4 хантай болж, Сайн ноён аймаг нь Сайн ноён хан аймаг хэмээн нэрлэгдэх болсон.
Түмэнхан Хөндлөн ноёны арванхоёрдугаар хөвгүүний нэр Хүүхэн, цол нь Базар, түүний хөвгүүн Цэдэн, цол нь Цогт хэмээмүй. Цэдэн цогтын хөвгүүн Зинамид Цогт ахай нь хожмын Сайн ноён хан аймгийн Эетэй засгийн хошууны анхны засаг ноён болно. Эетэй засгийн хошууг анх итгэмжит Эетэй эрх дайчин хошой чин ван Шамбын хошуунд хавсаргаж байгаад, Энх-Амгалангийн 48 дугаар онд /1709 он/ Зинамидыг засаг тэргүүн зэрэг тайж өргөмжилж, өөр нэгэн хошуу болгожээ. Ийнхүү Сайн ноён хан аймгийн Эетэй засгийн хошууны эх үүсгэл тавигдсан.[1]
Сум, нэгдлийн дарга нар
Сумын засаг дарга нар
Тус суманд алтан гадас одонгоор шагнагдсан 33, хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан 44, Их монгол улсын 800 жилийн ойн медалиар шагнагдсан 28, сумын хүндэт иргэн 10, мөн 22 салбарын тэргүүний ажилтан цолоор шагнагдсан 118 хүн байдаг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.