From Wikipedia, the free encyclopedia
Данте Алигери (Итали: Dante Alighieri, 1265 - 1321) бол Сэргэн мандалтын үеийн Италийн аугаа их яруу найрагч юм.
Данте нь Флоренц хотод хөрөнгө бэл муутай боловч эртний удам судартай тайжийн гэр бүлд мэндэлжээ. Дантегийн төрж өссөн Флоренц хот Өрнө Дорнын худалдаа, харилцааны гол зам дайрч гардаг Газар дундын тэнгисийн хамгийн аятай байрлалд орших учир шинэ соргог юм бүхэн хамгийн түрүүнд дэлгэрч, үйлдвэр худалдаа хөгжсөн Италийн төдийгүй Европын нэг чухал төв байв. Бас энд хуучин тайж, язгууртан ба шинээр төрж байсан хөрөнгөтнүүдийн хооронд улс төрийн хурц тэмцэл өрнөж байлаа. Чухам энэхүү түүхэн нөхцөл Дантегийн амьдрал, уран бүтээлд гүнзгий ул мөрөө үлдээсэн юм.
Ядуу тайжийн хүү Данте дундад эртний үеийн сургуулийн л хэмжээний боловсрол олж авсан боловч үүнийг чамлаж, гадаад(франц, провинсаль) хэл үзэж, уран зохиол шамдан судалсаар зохиолч болох замдаа оржээ. Тэрбээр бүр 14-15 настайгаасаа шүлэг бичиж, улмаар тэр үеэс яруу найраг оролддог залуусыг татах болсон "Шинэ маягийн тансаг найруулга" дэгийг барьж шүлэг зохиох болжээ.
Данте залуудаа бичсэн шүлэг найрагтаа хүүхэд ахуй цагтаа тоглож наадан, нас бие гүйцсэн хойноо сэтгэл алдран ухаангүй хайрлаж явсан Беатриче бүсгүйн хийморь жавхааг магтан, бас ид залуу хорин тавхан насандаа өөд болсонд нь харуусан гашуудсан сэтгэлээ илэрхийлсэн байдаг. Хожим нь энэ шүлгүүд дээрээ Беатричед хайртай байснаа дурссан хүүрнэл зохиол нэмж Шинэ амьдрал (1292) нэртэй ном гаргасан юм. Энэ бол Өрнөд Европын уран зохиолын түүхэнд зохиолч хүн өөрийн хамаг нууцаа дэлгэн үзүүлсэн анхны намтарчилсан тууж гэж тооцогдох болсон юм. Энэ туужид орсон арван дөрөвт шүлэг, канцона (Итали: Canzone) хэмээх халуун хайр дурлалыг өгүүлэх 6-7 бадгаас бүрдэх өвөрмөц зохиомжтой шүлгүүдээ Беатричед шашны яруу найрагт гардаг Мадонна нар шиг оюун ухаан нь цэлмэн гийсэн, төв даруу бүсгүйн дүрээр гарган, яруу найрагчид таашаан бишрэх сэтгэл төрүүлснээр дүрсэлсэн байдаг.
Беатричег өөд болсноос хойш Данте ихэд ганцаардан хямарч байсан боловч энэ бүсгүйн дүр яруу найрагчийн насан туршид нь онгод хайрлах шүтээн, байнгын дуурайх жишээ нь болж байв. Данте гуниг гутралаа засах эм болгон нэг үе шашны сургаал, гүн ухаан, одон орны судлал сонирхон үзэж цаг үеийнхээ сайн боловсролтой хүний зиндаанд хүрчээ.
Тэрбээр нас тогтож, гуч хүрсэн хойноо Флоренц хотын улс төрийн тэмцэлд идэвхийлэн оролцож, хотын удирдах зөвлөлийн гишүүн болж, Флоренц хотыг өөртөө нэгтгэхийг зорьсон 8-р пап ламын эсрэг "цагаантны" намд элсэн орсон байв. Гэвч нөгөө талын "харынхны" нам ялж, Дантег ихэд буруушаан, эд хөрөнгийг нь хураах ял ноогдуулсан байна. Учир иймд, Данте арга буюу төрсөн хотоо орхин, насан өөд болтлоо Итали орноор хэрэн бидэж, амь зуухад хүрчээ. Хувийн ашиг завшаан хайгч Ромын VIII пап бол Дантегийн заналт дайсан учир хожим Тэнгэрлэг туульс зохиолдоо түүнийг тамын оронд урьд насанд хийсэн үйлийнхээ үрийг эдэлж, шаналан зовж байгаагаар үзүүлсэн байдаг.
Дантегийн өөр нэг анхаарал татах бүтээл бол Хурим (1304-1308) хэмээх гүн ухааны зохиол юм. Ёс суртахууны эш онол, одон зурхайн ухаан, шашны сургаал, дундад эртний үеийнхний хайр сэтгэлийн тухай үзэл баримтлал, цаг төрийн байдал, өөрийн үзэл онолыг оруулсан эл зохиолоо Данте Шинэ амьдрал туужийнхаа адил итали хэлээр бичжээ. Энэ ном нь судалгааны чиглэлтэй дөрвөн тусгай номоос бүтсэний гуравт нь канцона хэмээх хайрын шүлгүүдийнхээ ёгт санаа, цаад учрыг тайлбарласан байна. Үүнээс гадна Данте Ард олны хэлний тухай (1304-1307?), Ганцаар ноёрхох ёсны тухай (1312-1313) шинжилгээний бүтээл, Газар усны тухай (1320) зэрэг зохиолыг латин хэлээр бичсэн юм.
Дантегийн уран бүтээлийн оргил нь дундад эртний соёлыг Сэргэн мандалтын үеийн соёлтой холбосон гүүр гэж болох Тэнгэрлэг туульс (1307-1321) зохиол мөн. Дундад эртний үеийн уран зохиолд ихэд дэргэсэн хий үзэгдэл (vision)-ийн хэлбэрээр бичигдсэн эл зохиол Там, Ариутгах орон, Энхжин гэсэн 3 хэсэг, 100 дууллаас бүтнэ. Зохиолчийг Тамын ертөнц, Ариутгах орноор хүний орчлонгийн зөв бодолтны бэлгэдэл болсон, ромын яруу найрагч Вергилий газарчилж, Энхжингийн ертөнцөөр бурхан ухаантны бэлгэдэл болсон, найрагчийн хайрт бүсгүй асан Беатриче дагуулж явна. Данте ийнхүү хойд насны тухай шашны домог ашиглан бичихдээ цаг үеийнхээ хэрэг явдал, бодит хүмүүс, улс төрийн чухал асуудлыг хурц тод дүрслэн үзүүлсэн байна. Тамын ертөнцөд төрөл бүрийн гэмт хэрэгтнүүд, мөнгө хүүлэгчид, шашны мяндаг хэргэм панзлагчид, луйварчид, Дантегийн өөрийнх нь улс төрийн дайснууд, урвагчид урд насандаа үйлдсэн гэм нүгэлдээ дүйцэх ял зэм эдэлж шаналан зовж байна. Ариутгах оронд хүмүүс урьдын хилэнцэт үйлдлээсээ цэвэршин салж, буянт үйлс, шударга явдалтнууд нь Энхжингийн орноо жаргалаа эдэлж байдаг.
Данте ийнхүү хойд насны дүрслэл маягаар хүн төрөлтөн, түүний дотор Италийн бодит байдлыг дүрслэн үзүүлэхдээ ёгтлол, бэлгэдэл, домог хууч яриа зэргийг чадамгай ашиглан, зохиолоо АВА, ВСВ, CDC, DED маягаар холбоц бүхий терцина хэмээх гурван мөрт, шад бүртээ таван өлмийт ямб хэмээх дэвхцэл хэмжээт шүлгээр бичжээ.
Агуулга, зохиомж, хэлбэрийн талаар Өрнөдийн уран зохиолд шинэ зүйл болон гарч ирсэн энэ найраглал хойч үеийнхэнд үлэмж нөлөөлсөн бөгөөд Дантег Итали орны утга зохиолын хэлийг бүтээгч гэж үнэлдэг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.