From Wikipedia, the free encyclopedia
Вацлав Хавел (Чех: Václav Havel [ˈvaːt͡slaf ˈɦavɛl], 1936 оны 10 сарын 5 - 2011 оны 12 сарын 18) нь Чех улсын анхны ерөнхийлөгч (1993—2003) бөгөөд Чехословак улсын сүүлчийн Ерөнхийлөгч(1989—1992) байв. Тэрээр мөн чехийн зохиолч, коммунизмын эсрэг үзэлтэн, хүний эрхийг хамгаалагч байсан.
Вацлав Хавел Václav Havel | |
Бүрэн эрхийн хугацаа: | 1993 оны 2 сарын 2 – 2003 оны 2 сарын 2 |
---|---|
Бүрэн эрхийн хугацаа: | 1989 оны 12 сарын 29 – 1992 оны 7 сарын 20 |
Төрсөн: | 1936 оны 10 сарын 5 Прага, Чехословак |
Нас барсан | 2011 оны 12 сарын 18 Храдечeк, Чех |
Улс төрийн нам: | Иргэний форум (1989-1991), бие даагч (1991-2011) |
Эхнэр (нөхөр): | Oлга Хавлова (1964-1996), Дагмар Хавлова (1997–2011) |
Гарын үсэг |
Вацлав Хавел 1936 оны 10-р сарын 5-нд Прага хотод чех айлд төрсөн. Түүний өвөг эцэг Вацлав Гавел (1861-1921) - барилгын бизнес эрхэлдэг байсан бөгөөд «Люцернафильм» (1912 год) кинокомпани үндэслэн ажлуулдаг байжээ. Эцэг Вацлав (1897—1979) өвөг эцгийн ажлыг үргэлжлүүсэн байна. Эх Божена Хавлова (1913—1970), «Lidove noviny» («Ардын сонин») редактор Гуго Вавречки-гийн охин байжээ.
Эцэг эх хоёр нь 1935 онд гэрлэсэн бөгөөд дүү Иван 1938 онд төржээ.
1947 онд Вацлав Здарец хотод бага сургуулиа төгссөн. Үүний дараа түүнийг бие даасан амьдралаа эхлүүлэх ёстой гэж үзээд Подебрад дахь хөвгүүдийн дотууртай сургуульд өгчээ. Подебрадийн шилтгээнд байрлах Жири хааны нэрэмжит уг сургуулийг дайны жилүүдэд өнчин хоцорсон хүүхдүүдэд зориулсан байжээ.
1948 онд коммунистууд засгийн эрхэнд гарсны дараа тэдний гэр бүлийн өмчийг хураан авсан байна. Вацлав шинэ дэглэмийг эсэргүүцэгчийн хүү тул ахлах сургуулиасаа хасагдав. 1950 онд тэрээр химийн лабораторид элсэн орж, нэгэн зэрэг Прага хотын оройн гимназид сурч 1954 онд дунд боловсролын гэрчилгээгээ авсан ажээ.
1955 онд тэрээр Прага дахь Чехийн техникийн дээд сургуульд (чех. České vysoké učení technické v Praze) тээврийн эдийн засагчийн ангид элсэн оржээ.
1955 онд тэрээр анх утга зохиолын шүүмжлэгч болж удалгүй утга зохиолын хүрээнийхний дунд нэлээд нэр хүндтэй болсон байна. Энэ үед түүний анхны зохиолууд гарч иржээ.
1957-1959 онд цэргийн алба хаасан.
1960 онд тэрээр "Na zábradlí" театрт эхлээд техникч, дараа нь жүжгийн зохиолчоор ажиллаж эхэлсэн (1968 он хүртэл). 1963 оны арванхоёрдугаар сард тус театрт Хавелийн “Цэцэрлэгт хүрээлэнгийн баяр” жүжгийн анхны тоглолт тавигджээ. Жилийн дараа энэ тоглолтыг Баруун Берлиний Шиллерийн театрт тавьсан байна.
1966 онд тэрээр Прага хотын Урлагийн академийн театрын ангийг эчнээ ангийг дүүргэж чадсан.
1965 онд утга зохиол, урлагийн "Тварж" (Нүүр царай) сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн болжээ. Энэ үед Чехословакийн цензураас түүний бүтээлүүдийг хориглож эхэлжээ. Мөн тэр үеэс гадаадад хүлээн зөвшөөрөгдөх болжээ.
Чехословак руу Зөвлөлтийн цэрэг оруулсны дараа тэрээр тэрс үзэлтэн болж, коммунизмын эсрэг үйл ажиллагаа явуулж, барууны ардчилал, хүний эрхийн төлөөх тэмцэлд идэвхтэй оролцож эхэлсэн. Гадаадаас ирсэн зохиолын шагналын төлбөрөөр Хавел удаан хугацаагаар ажиллахгүй байх боломжтой болжээ.
1975 онд тухайн үеийн коммунист Чехрславакийн удирдагч «Густав Гусак-д хандсан нээлттэй захиа» гарсан бөгөөд «Хартии 77»-ийн /Чехийн тэрс үзэлтнүүдийн хөтөлбөр/ боловсруулагчдын нэг байсан.
1977 оны 10-р сард "Гадаадад өөрийн улсын эрх ашигт халдсан" хэргээр түүнийг 14 сарын хорих ялаар тэнсэн харгалзсан боловч хэдхэн сарын дараа түүнийг "албан үүргээ гүйцэтгэж явсан төрийн албан хаагч руу халдсан" гэж баривчлагдсан. 1978 оны 3-р сар хүртэл тэрээр шоронд байсан бөгөөд дараа нь хэргийг хэрэгсэхгүй болгосон ажээ.
Суллагдсаныхаа дараа тэрээр "Шударга бус хэлмэгдэгсдийг хамгаалах хороо"-г зохион байгуулагчдын нэг болжээ. 1979 оны тавдугаар сарын 29-нд түүнийг төрийн тогтолцоог нураахыг оролдсон хэргээр дахин баривчилжээ. 1979 оны 10-р сард тэрс үзэлтнүүдийн шүүх хурлын үеэр түүнд 4.5 жилийн хорих ял оноожээ. 1983 оны 2-р сард эрүүл мэндийн байдлаас болж хорих ялыг гэрийн хориогоор сольжээ.
1989 оны намар “Хилэн хувьсгал” Прагийн оюутнуудын хөдөлгөөнөөр эхэлсэн. Хавел бол Чехийн сөрөг хүчний гол хүчин болсон "Иргэний форум"-ыг санаачлагчдын нэг байсан юм. Энэ үеэс Хавелийн улс төрийн нэр хүнд маш хурдан өссөн.
1989 онд Чехословакийн Коммунист нам эрх мэдлээ алдсаны дараа 1989 оны 12-р сарын 10-нд Иргэний форумаас түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр олон нийтэд танилцуулав. Үүний дараа Иргэний форум сонгуулийн сурталчилгааг өргөн хүрээнд эхлүүлсэн.
1989 оны 12-р сарын 29-нд Прага шилтгээний Владислав танхимд болсон Чехословакийн Холбооны Хурлын хоёр танхимын хамтарсан хурлаар Вацлав Хавел санал нэгтэйгээр ерөнхийлөгчөөр сонгогдов - 40 жилийн дараа анхны коммунист бус ерөнхийлөгчтэй болов. Энэ ялалтаар хуучин сөрөг хүчин нь жагсаалын үеийг дуусгаж, ажил хаялт, ажил хаялтын хороодын үйл ажиллагааг зогсоож, нийгэм хэвийн амьдралдаа эргэн орж эхэлсэн байна.
Түүний анхны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан сар буюу анхны чөлөөт сонгууль хүртэл үргэлжилсэн юм. Энэ бол түүний хүч чадлын оргил үе байсан: Чехословакийн Коммунист нам уналтад орж, улс төрийн шинэ намууд хараахан гарч ирээгүй байв. Түүний зарим шийдвэрүүд өнөө хүртэл маргаан дагуулсаар байгаа, тухайлбал, ер бусын өргөн хүрээтэй өршөөл үзүүлэх тухай. 1990 оны эхээр олон гэмт хэрэгтэн шоронгоос суллагдаж, тэр даруй гэмт хэргийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Хавел энэ хугацаанд гол зорилгоо коммунист дэглэмийн эсрэг тэмцэл биш, харин чөлөөт сонгууль бэлтгэх, ардчилсан нийгмийн үндсэн зарчмуудыг тодорхойлох гэж үзэж байжээ.
1990 оны 7-р сарын 5-нд Иргэний форум болон Хүчирхийллийн эсрэг олон нийтийн төлөөлөл давамгайлсан аль хэдийн чөлөөтэй сонгогдсон Холбооны Ассемблейг сонгосноор түүний хоёр дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа эхэлсэн.
Хавелтай өрсөлдөх шинэ хүчирхэг улс төрчид гарч ирэв, ялангуяа Чехийн Вацлав Клаус, Словакийн Владимир Мечиар нар. Тэд намын шинэ тогтолцоог бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж, асар их дэмжлэг авч чадсан. Үүний зэрэгцээ Чех, Словакийн хооронд хурцадмал байдал хурцадсан бөгөөд энэ нь хоёр бүгд найрамдах улсын төлөөлөгчдийн улс төрийн өөр өөр хандлага, парламент дахь коммунист дэглэм дууссаны дараа ажиллахаа больсон холбооны уян хатан бус Үндсэн хууль нөлөөлсөн юм. Хавел хоёр Бүгд найрамдах улсын холбоог хадгалахыг бүрэн дэмжиж байв.
Дотоодын улс төрд бүтэлгүйтсэн ч тэрээр ерөнхийлөгч байхдаа Чехословакийг олон улсын улс төрд эргүүлж, барууны чиг баримжаагаа харуулж чадсан юм. Гадаад бодлогын амжилтыг тухайн үеийн төрийн айлчлалууд харуулж байна: 1989 онд Пап лам II Иоанн Павел, АНУ-ын Ерөнхийлөгч Жорж В.Буш нар Чехословакт айлчилсан. Зөвлөлтийн цэргийг гаргаж, Зөвлөлтийн блокийн улс төрийн бүтэц, ялангуяа Варшавын гэрээ, СЭВ-ийн үйл ажиллагааг зогсоосны бэлгэдэл болсон ЗХУ-ын нөлөөллийн хүрээнээс гарах нь чухал үе байсан.
1993 оны 2-р сарын 2-нд тусгаар тогтносон Чех улсын анхны ерөнхийлөгч болов. Түүний найз Иван Медек ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томилогдов. 1998 онд тэрээр хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр улиран сонгогдов.
75 наслахдаа олон нарийн хагалгаанд орсон тэрээр амьсгалын замын үрэвсэлд нэрвэгдэж, эмч нарын хяналтан дор эхнэр, театр, киноны жүжигчин Дагмар Вешкрнова-Гавловагийн хамт амьдарч байжээ. Нас барахынхаа өмнөхөн тэрээр уран сайхны кино хийж мөрөөдлөө биелүүлж чадсан.
Тэрээр амьдралынхаа сүүлийн саруудыг Трутновын ойролцоох Градечка дахь тосгоны байшиндаа өнгөрөөж, 2011 оны 12-р сарын 18-нд нас баржээ. Түүнийг нас барсны дараа тус улсад албан ёсоор гурван өдрийн гашуудал зарлажээ.
Өмнөх Густaв Хусaк |
Чехословакийн ерөнхийлөгч 1989 оны 12 сарын 29 – 1992 оны 7 сарын 20 |
Дараах - |
Өмнөх - |
Чехийн ерөнхийлөгч 1993 оны 2 сарын 2 – 2003 оны 2 сарын 2 |
Дараах Вацлав Клаус |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.