From Wikipedia, the free encyclopedia
Бөхөн (латин.Saiga borealis, англи.Mongolian Saiga antelope) Монгол нутагт байдаг гөрөөсний төрөл зүйлийн амьтан.
ДБХХ-ны Улаан дансанд дэлхий дахины судалгаагаар нэн ховордсон устаж болзошгүй амьтны аймагт багтсан бөгөөд Монгол орны хэмжээнд мөхөх өндөр магадлалтай амьтны тоонд багтсан байна [1]. Бөхөн тархан амьдардаг дэлхийн бүх улс орны Засаг захиргаа, шинжлэх ухааны хүрээлэнгүүд, олон улсын байгууллагууд , төрийн ба төрийн бус байгууллагууд болон төлөөлөгчид оролцсон эрдэм шинжилгээний олон улсын хамтарсан хурал Улаанбаатар хотод 2010 онд болсон бөгөөд Монгол бөхөнг бусад бөхөнөөс тусдаа бие даасан төрөл анги(Saiga borealis) гэдгийг нь хүлээн зөвшөөрч олон улсын гэрээ, тэмдэглэгээг шинэчлэн байгуулж найруулсан [2].
Бөхөн 116 см-ын урт биетэй , зооны өндөр нь 75 см бөгөөд 32 кг хүртэл жин татдаг . Сүүлний урт 25 см, цайвар шаргал зүстэй, хос шорон эвэртэй. Эмэгчин бөхөн нь эвэргүй. Зун улаан шаргал, өвөл цайвар саарал, нялх янзага нь бор хүрэн зүстэй. Хүзүүгээ урагш сунган, толгойгоо гудайлган бөхийж, цагт 60-70 км хүртэл хурдлан давхидаг.
Хорьдугаар зуунд бөхөн нь Увс нуурын хотгороос Улаан нуур, Их нууруудын хонхороос, Нууруудын хөндийн элсэрхэг хээр таран идээшлэж нутагшиж байв [3]. 1990-ээд оны үеэр нийт тархан байсан газар нутгийнхаа хориод хувьтай тэнцэх хэмжээний үндсэн хоёрхон газар нутагт Монгол Бөхөн суурьшин амьдарч байв. Түүний нэг Шаргын популяци Шаргын говийн умардаас, баруун, хойд талаараа, ойр орчмын уулсын бэлчирээс говийн хотгорын захруу шилжин тархжээ. Хар Ус нуураас өмнө тийш Монгол Алтайн уулсын бэлээр дөрвөн зуу орчим км.кв багахан бэлчирт үлдсэн, мөхөх аюул тулгарсан төрөл [4]. Монгол Алтайн уулсын далайн төвшинөөс дээш 1100-2200 м ар бэлийн баглуур, таана, монгол өвст, шаваг бүхий дагжуур хайрган хөрст, бартаагүй, хэвгий, ээрэм өндөрлөг газарт нутаглана [5]. Өвлийн тас хийм цастай сэрүүн үед, ган гачигтай зун өвсний өег сөр, бэлчээр дагаж уулсын ам хөндий, толгод доор бэлчдэг. Бөхөн Шаргын говиор 3325 км кв , Хүйсийн говиор 6700 км кв, Таван хайрхан, Чандманий тал нутгаар 1173 км кв нутагт тархасан байна [6].
Аль болох сайн идэш ууштай бэлчээрээ сонгон идээшилж ойр ойрхон солиж сэлгэн нутагшдаг байна. Хол нүүдэллэхгүй. Шаргын говиор өвөлдөө тавиас доошгүй тоо толгойгоор сүрэглэн амьдрана. Урин дулаан цагаар сүрэг бутран тардаг. Ороо нь нэг сард ордог ба хээлээ таван сар тээгээд зун зургаан сарын дундуур төллөдөг. Эмэгчин нь ихэрлэх магадлал ихтэй бөгөөд арван зургаа хүртэл хувь нь үргэлж ихэрлэдэг. Эмэгчингүүд нь заримдаа долоон сартайдаа хэржин арван есөн сартайдаа үржилд орж эхэлнэ [7]. Говийн хялгана, таана, хөмүүл, баглуур, шарилж зэрэг гучаад төрлийн өвс ургамлаар хооллдог. Хавар өвс ногоо нялх шүүслэг үед бол бараг ус уудаггүй байна. Гельминт 17, хачиг2, аааүрха ны гуур1 зүйл шимэгчилдэг. Таван хошуу малын өвчин болох омруу өвчинг тусахдаа маш хүнд тусдаг байна. Нялх зулзага, янзага нь хүнд дасан гаршихдаа амархан байдаг бөгөөд өсөн ториноод нас бие хүрээд хэвийн бөхөн шиг үржиж төлждөг.
Байгалийн болон хүн амьтны хүчин зүйл, үйлдлээс болж Монгол бөхөнгийн тоо толгой жил жилд янз бүрээр хэлбэлзэж байдаг. 1993 оны байдлаар, Шаргын популяци 1400, Манханы популяци 70-аад ширхэг байсан [8]. Шаргын говийн1000 га-д 5.9 толгой ногдох 1980 орчим, Хүйсийн говьд 1000 га-д 1.6 толгой ногдох 1100 орчим, Чандманий талд 1000 га-д 0.8 толгой ногдох 160 орчим, нийт 3240 толгой монгол бөхөн байна [9]. 2010-2012 онд ШУА-ийн Биологийн хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-гийн хөтөлбөрийн газрын хамтарсан судалгаа тооллогын дүнгээр, монгол оронд дунджаар 8000 толгой монгол бөхөн байна гэж тогтоожээ [10]. Монгол бөхөнгийн эврийг Дорно дахины ангаах ухаан ардын эмчилгээнд, махыг нь нутгийн хүн ард хоол хүнсэндээ эртнээс ашиглаж, хайр найргүй авласанаас, Монгол бөхөнгийн амьдрах нутаг тархац нь багасан хумигдаж, тоо хэмжээ нь эрс буурсан [11]. 1990-ээд Монгол бөхөнгийн эвэрийг гадагш гарган зарж борлуулах нь их болсноос хууль бусаар бөхөнг агнах явдал нь ихэсжээ. Монгол бөхөнгийн төрөж өсөж идээшлэн дассан нутаг орон, бэлчээр усыг нь хүн болон гэрийн тэжээвэр мал түрэн эзлэх болж, тэдний бэлчээр нутгаас хороосоор байна. Цас зуд ихтэй хүйтэн өвөл болон хавар бөхөн нь ихээхэн хэмжээгээр турж эцэн өлбөрч, мөн осгон хөлдөж үхэх явдал их байдаг[12]. Бөхөн гууртдагаас аа болж таргалах, хүнд нөхцөл байдлыг даах, бэрхшээл давах чадвар доройтдог зэргээс хорогдож байна [13]. Монгол бөхөнгийн гол дайсан нь бүргэд шувуу юм [14].
Анх хорьдугаар зууны гучаад оноос Монгол бөхөнг агнахыг хуулиар бүрэн хориглож, Амьтны тухай хууль, бүртгэлдээ нэн ховор амьтнаар бүртгэн авч байжээ [15]. Монголын улаан ном, Олон улсын улаан ном, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийнII хавсралтад тус бүрд нь оруулав [16]. Шарга, Манханыг 1993 оноос улсын тусгай хамгаалалтанд авч нөөц газар болгожээ [17]. Монгол бөхөнгийн нөөц, тархац экологи биологийг судалж, гаршуулах, нутагшуулхыг туршин үзсэн.
Монгол бөхөнгийн бэлчээр нутаг дээгүүр дайран өнгөрсөн олон салаа зам жимийг багасган журамлах, замын хяналт шалгалтыг чангатган сайжруулах. Тархац нутгийг нь улсын тусгай хамгаалалтанд нэмэн орон нутгийн сүлжээнд хамруулах, гаршуулан тэжээн, өсгөн үржүүлж, бэлчиж байсан нутагт нь ахин нутагшуулах, бөхөнгийн бэлчир нутагруу малыг бэлчээхгүй давхцуулахгүй байх, биологийн судалгааг нарийвчилан гүнзгийрүүлэн судлах, хууль бус авыг таслан зогсоож, тухай бүрт нь хариуцлага тооцох, орон нутгийн иргэдийн хамтын нөхөрлөл, төрийн бус байгууллагуудтай хамтран Монгол бөхөнгийн бэлчир нутгийг тэдгээр иргэдэд хариуцуулан өгч тухайн бүс нутгийн иргэн бүрийг байгаль хамгаалагч болгон иргэний үүргийн биелэлтийг нь хангах, төр засгаас дэмжих хамгаалалт, хяналтын системийг тогтмолжуулан, тэдгээр иргэдийн хүчээр хууль бус ан авыг таслан зогсоож арилгах, байгалийн ган гачиг, цас зудны, гамшиг тохиолдоход биотехникийн нэмэлт арга хэмжээ авах, удмын санг хадгалах.
Хэдийгээр монгол оронд нэн ховор амьтадыг агнахын эсрэг хууль батлагдан мөрдөгдөж байгаа боловч хууль бусаар Монгол бөхөнг агнах явдал байсаар байна. Тиймээс Монгол бөхөн тархан суурьшсан нутгийн иргэд болон хууль хүчний байгууллага хамтран хуулийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал алхам юм.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.