Альберто Фүжимори
From Wikipedia, the free encyclopedia
Альберто Кэн-я Фүжимори (Фүжимори Кэн-я (藤森 謙也, Fujimori Ken'ya?); 1938 оны 7 сарын 28-нд төрсөн) нь Перугийн ерөнхийлөгчөөр 1990 оны 7 сарын 28-наас 2000 оны 11 сарын 17-ныг хүртэл ажилласан улс төрч юм. Ерөнхийлөгчөөр ажиллах үедээ Перу дахь терроризмын уг үндэстэй амжилттай тэмцэж, макро эдийн засгийг тогтворжуулж чадсаныхаа төлөө[1][2][3][4] ихэд нэр хүндтэй байсан хэдий ч авторитари дэглэм тогтоож, хүний эрхийг зөрчиж байсан хэмээн хожим шүүгдсэн билээ[5][6]. Тэрээр 2008 онд төрийн эрх барьж байх үедээ үйлдсэн "хүн төрөлхтний эсрэг гэмт хэргүүд"-ийнхээ улмаас шийтгэл хүлээсэн ч Перучуудын гуравны хоёр нь түүний засаглалын үе дэх Фүжиморигийн манлайллыг хүлээн зөвшөөрдөг юм[7].
Альберто Фүжимори Фүжимори Кэн-я | |
---|---|
90 дэх Перугийн ерөнхийлөгч | |
Албан тушаал хашсан 1990 оны 7 сарын 28 – 2000 оны 11 сарын 22 | |
Vice President | Максимо Сан Роман (1990–92) Жайме Ёшияма Танака (1993–95) Рикардо Маркес (1995–2000) Франсиско Тудела (2000) |
Өмнөх | Алан Гарсиа |
Дараах | Валентин Паниагуа |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1938 оны 7 сарын 28 (1938-07-28) (85 настай) Перу, Лима |
Иргэншил | Перу, Япон |
Улс төрийн нам | Камбио 90 (1990–1999) Перу 2000 (2000) Си Кумпле (2006) Үндэсний Шинэ Нам (2007) |
Эхнэр, Нөхөр | Сузана Хигүчи (салсан) Катаока Сатоми |
Алма матер | Универсидад Национал Аграриа Ла Молина Страсбурын Их Сургууль Висконсин-Милуокигийн Их Сургууль |
Япон гаралтай[8] Фүжимори 2000 онд авлигын асуудалд орооцолдож, албан тушаалаасаа огцрохоор оролдсоны дараа Япон руу дүрвэжээ. Учир нь түүний огцрох өргөдлийг Бүгд Найрамдах Улсын Конгресс хүлээн аваагүй бөгөөд түүнийг импичментийн үндсэн дээр огцруулахаар зэхэж байв. Перугийн шүүхээс түүнийг авилга, хүний эрхийг зөрчсөн хэргээр дуудаад байсан бөгөөд Фүжимори 2005 оны 11 сард Чилид зочилж байгаад баривчлагдах хүртлээ тийнхүү Японд хоргодсон билээ[9]. Улмаар 2007 оны 9 сард түүнийг Перуд шилжүүлж[10], шүүх ажиллагаа эхэлсэн юм.
2007 оны 12 сард Фүжимори албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 6 жилийн хорих ялаар шийтгэгдсэн[11][12][13]. Тэрээр давж заалдсан хэдий ч Дээд Шүүх дээрх шийдвэрийг хэвээр үлдээжээ[14].
Улмаар 2009 оны 4 сарын 7-нд Фүжимори 1990-ээд онд хэт зүүний партизануудтай тэмцэх үеэрээ хүний эрхийг зөрчсөн хэргээр 25 жилийн ял авсан.