![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c6/Alexander_Lukashenko_%25282020-09-03%2529_01.jpg/640px-Alexander_Lukashenko_%25282020-09-03%2529_01.jpg&w=640&q=50)
Александр Лукашенко
From Wikipedia, the free encyclopedia
Алекса́ндр Григо́рьевич Лукаше́нко (белар. Аляксандр Рыгоравіч Лукашэнка, Орос: Александр Григорьевич Лукашенко, 1954 оны 8 сарын 30-нд ЗСБН Белорус Улсын Витебск мужийн Копысь тосгонд төрсөн) нь Беларусь улсын улс төрийн зүтгэлтэн. 1994 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хойш өнөө хүртэл Беларусийн Ерөнхийлөгч болон Зэвсэгт хүчний ерөнхий командлагч. 2001, 2006, 2010, 2015, 2020 онуудад дахин сонгогдож ирсэн бөгөөд иргэд өрсөлдөгчгүй бөгөөд сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй сөрөг хүчнийхэн эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж байсан.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c6/Alexander_Lukashenko_%282020-09-03%29_01.jpg/320px-Alexander_Lukashenko_%282020-09-03%29_01.jpg)
Беларусь болон орос хэлтэй орнуудад «батька» буюу "эцэг" гэдэг хочтой.
А.Лукашенко эцэггүй өссөн бөгөөд эх Екатерина Трофимовна Лукашенко (1924-2015) Аугаа эх орны дайны өмнө Могилев мужийн Копыся хотоос 3 км зайд орших Шклов дүүргийн Александрия тосгонд амьдарч байсан бөгөөд дайны дараа Оршагийн сүлжмэлийн үйлдвэрт ажилд орсон байна. Тэрээр хүү Александрыг төрүүлээд тосгон руугаа эргэж ирээд фермд саальчин байжээ.
А.Лукашенко эцэггүй өссөн тул хүнд хүүхэд байсан бөгөөд цагдаагийн бүртгэлд орж байсан байна.
1975 онд тэрээр Могилевын Багшийн дээд сургуулийн түүхийн факультетийг "түүх, нийгмийн ухааны багш" мэргэжлээр, 1985 онд ЗХУ-ын Могилёв мужийн Горки хот дахь Беларусийн хөдөө аж ахуйн академийн эдийн засгийн факультетийг "хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зохион байгуулагч-эдийн засагч" мэрэгжлээр эчнээгээр төгссөн байна.
1975-1977 онд "Брест" хилийн боомтод ЗХУ-ын Хилийн цэрэгт алба хаасан.
1979 онд ЗХУ-ын Коммунист намын гишүүнээр элссэн. 1980-1982 онуудад танкийн ротын командлагчийн улс төрийн асуудал эрхэлсэн орлогчоор ажиллаж байжээ. 1982 онд Шклов дүүргийн Ударник хамтралын орлогч дарга, дараа жил нь Шклов дахь барилгын материалын комбинатын орлогч захирлаар томилогдож, 1985-1987 онуудад Лениний нэрэмжит хамтралын намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
1987 оны 3 дугаар сард тэрээр Могилев мужийн Шклов дүүргийн "Городец" совхозын захирал болсон бөгөөд 1988 оны 1 дүгээр сараас Могилев мужид анх удаа тариалангийн талбай дээр түрээсийн гэрээ байгуулан нэвтрүүлж байжээ.