АНУ-ын Холбооны нөөцийн систем
From Wikipedia, the free encyclopedia
АНУ-ын Холбооны Нөөцийн систем (англи. Federal Reserve System, ХНС, Холбооны нөөцийн сан, FED) - Төв банкны үүрэг гүйцэтгэдэг АНУ-ын арилжааны банкнуудын системуудэд төвлөрсөн хяналт тавих үүрэгтэйгээр 1913 оны 12-р дугаар сарын 23-нд тусгайлан байгуулсан бие даасан Холбооны Агентлаг юм.
Төртэй ямар ч холбоогүй, өөрөө өөрийгөө зохицуулагч энэхүү систем эдүгээ дэлхийд хамгийн нөлөөтэй санхүүгийн байгууллага болж хувирчээ.
АНУ-ын хамгийн анхны банкийг 1791 онд Сангийн сайд Александр Хамильтон байгуулжээ (Хамильтоны хөрөг долларын аравтын дэвсгэр дээр байдаг). Америк Их Британиас тусгаар тогтсоноос хойш 15 жилийн дараа АНУ-д үндэсний мөнгөн дэвсгэрт гаргах эрх бүхий анхны банк бий болов. Гэхдээ энэ нь хувийн банк байсан бөгөөд төр 20 хувийг эзэмшдэг байлаа. Банкны зөвшөөрөл 1811 онд дуусч цаашид сунгасангүй.
1811-1816 онд Америкийн мужууд (тэр үед 15 мужтай байв) Төв банкгүй байсан юм. Гэвч арилжааны банкууд өөрсдийн дэвсгэртийг металл мөнгөөр солихоос татгалзаж байсан учраас Төв банктай болох хэрэг гарлаа. Хоёр дахь төв банк 1816-1836 онд оршин тогтножээ. Шинээр мөнгөн дэвсгэрт гаргаснаар 1818 онд зах зээл дэх долларын хэмжээ 67 саяас 95 сая болтол өсчээ. Барааны үнэ ч өсөв. АНУ-ын долоо дахь ерөнхийлөгч Эндрю Жэксон Төв банкны ажлыг шүүмжилж Конгрессын баталсан Банкны зөвшөөрлийг сунгах хуулийн төсөлд хориг тавив.
1836-1862 онд Америкийн мужууд банкны төвлөрсөн удирдлагагүй явж байжээ. Энэ үеийг “Чөлөөт банкнуудын эрин" гэж нэрлэдэг. Энэ хугацаанд мужийн тоо өсч 33 болов. Холбооны болон мужийн хуулийн дагуу дурын хүн банк байгуулж, дурын банк мөнгөн дэвсгэрт гаргах эрхтэй байлаа. Түүгээр барахгүй хувийн компаниуд, төмөр замын газар, дэлгүүр, тэр байтугай сүм хийдүүд хүртэл мөнгө хэвлэдэг байжээ.
Төлбөрийн хамгийн бодитой хэрэгсэл нь алт байлаа. Мөнгөн дэвсгэртүүд металл мөнгөөр баталгаажсан зээлийн баримт төдий байжээ. Олон янзын байгууллага мөнгө хэвлэдэг байсан учраас хуурамч дэвсгэртүүд гарах нь элбэг байв.
Энэ бүхнийг цэгцлэхийн тулд 1863 онд Үндэсний банкны тухай хууль баталжээ. Уг хуулиар цөөн тооны банкуудад мөнгө хэвлэх эрх өгсөн байна. Тухайн банк доллар хэвлэхийн тулд АНУ-ын Сангийн яаманд тодорхой хэмжээний мөнгийг Засгийн газрын үнэт цаас хэлбэрээр байршуулах ёстой байсан.
Гэхдээ муж болгон өөрийн гэсэн мөнгөн тэмдэгттэй байхыг зөвшөөрдөг байсан. Энэ үед Америкийн мужийн тоо өсч 45-д хүрэв. Хэдийгээр хэвлэсэн мөнгөнөөс нь 10 хувийн татвар авдаг байсан ч мужуудын мөнгөн тэмдэгт аажмаар хэрэглээнээс гарав.
Тэгээд ч энэхүү тогтолцоо төвлөрсөн бүтцийг бий болгож чадсангүй. Банкнуудын заль мэх хувь нийлүүлэгчдийн итгэлийг алдаж эхэлсэн байна. 1873, 1893, 1907 онуудад гурван удаа банкны хямрал болж иргэд хадгаламжийнхаа бүх мөнгийг банкнаас авч улмаар санхүүгийн зах зээлийг зохицуулагч гол байгууллага бий болгох шаардлага гарч иржээ.