Никола Тесла
From Wikipedia, the free encyclopedia
Никола Тесла (1856 оны 7-р сарын 10-нд Австрийн Эзэнт Гүрэнд төрж, 1943 оны 1-р сарын 7-нд Нью-Йорк хотод нас барсан) серби гаралтай америкийн зохион бүтээгч, механик болон цахилгааны инженер байсан. Тэрээр цахилгаан үйлдвэрлэлийн салбарыг үүсэхэд хамгийн том хувь нэмэр оруулсан эрдэмтэн гэгддэг бөгөөд XIX зууны сүүл, XX зууны эхэн үед цахилгаан соронзны салбарт хувьсгал хийсэн олон бүтээл, нээлт хийж ихэд алдаршсан. Теслагийн патентууд болон онолын бүтээл нь орчин үеийн хувьсах гүйдлийн цахилгаан тэжээлийн системийн үндэс суурийг тавьсан. Үүний дотор цахилгаан түгээлтийн олон фазат систем, хувьсах гүйдлийн мотор бүтээсэн нь Аж үйлдвэрийн хоёрдугаар хувьсгал гарахад түлхэц өгчээ.
Никола Тесла | |
---|---|
Төрсөн огноо | 1856 оны 7 сарын 10 (1856-07-10) Хорват, Смилян (Хорватын хил) |
Нас барсан огноо | 7 January 1943(1943-01-07) (86 насалсан) АНУ, Нью-Йорк Муж Улс, Нью-Йорк хот |
Оршин суугаа улс | Австрийн Хаант Улс Унгарын вант улс Франц АНУ |
Иргэншил | Австрийн Хаант Улс (1891 оноос өмнө) АНУ (1891 оноос хойш) |
Угсаа | серби |
Салбар | механик ба цахилгаан инженер |
Байгууллага | Эдисоны машины цех Тесла цахилгаан гэрэл ба үйлдвэрлэл Вэстингхауз Элэктрик |
Алдаршсан зүйл | Теслагийн ороомог Теслагийн турбин Телехүч Теслагийн хэлбэлзлийн генератор Теслагийн цахилгаан автомашин Теслагийн зарчим Теслагийн Колумбийн өндөг Хувьсах гүйдэл Индукцийн мотор Эргэлдэгч соронзон орон Утасгүй технологи Бөөмт туяаны зэвсэг Үхлийн туяа Хуурай газрын суурин долгион Бифиляр ороомог Телегеодинамик Электрогравитик |
Нэр хүндтэй шагналууд | Эллиотт Крэссоны медаль (1893) Жон Скоттын медаль (1934) |
Гарын үсэг |
Өнөөгийн Серби нутаг дэвсгэрт Смилян тосгонд эцэг сербийн үнэн алдартны сүмийн ламтан Милутин Тесла (1819—1879), эх Георгина Тесла /Мандич/ нарын 4 дахь хүүхэд болж төржээ. Тэрээр Австрийн Хаант Улсын харьяат байсан бөгөөд 1884 оны 7-р сард АНУ-д анх очиж Томас Эдисоны компанид инженэр болжээ. 1891 онд АНУ-ын иргэн болсон ажээ.[1] 1894 онд радиогоор утасгүй холбооны боломжийг үзүүлж, "Гүйдлийн дайн"-д ялагч болсныхоо дараа, тэрээр Америкт ажиллаж байсан хамгийн аугаа цахилгааны инженерийн нэг гэж өргөн олонд хүндлэгдэх болсон.[2] Түүний эхэн үеийн бүтээлийн ихээхэн хэсэг нь орчин үеийн цахилгаан техникийн анхдагч бүтээлүүд болсон бөгөөд түүний хийсэн олон нээлт нь асар том өөрчлөлт авчирсан юм. Энэ үед АНУ-д Теслагийн алдар нэр бусад аугаа зохион бүтээгч, эрдэмтний нэр алдартай зэрэгцэж байсан боловч,[3] этгээд зан, шинжлэх ухаан, технологийн дэвшлийн талаар итгэмээргүй, заримдаа хачин гэмээр санаа гаргадаг байсан учраас насаараа эхнэр аваагүй гоонь эр Никола Тесла эцэстээ нүд үзүүрлэгдэж, "галзуу эрдэмтэн" гэгдэх болжээ.[4][5] Тесла санхүүгийн байдалдаа төдийлөн их анхаардаггүй байсан учраас 86 насандаа Нью-Йорк хотод нас барах үедээ ядуу тарчиг амьдралтай байсан гэдэг.[6]