Микеланжело
From Wikipedia, the free encyclopedia
Микеланжело ди Лодовико Буонарроти Симони (* 1475 оны гуравдугаар сарын 6; † 1564 оны хоёрдугаар сарын 18) ихэвчлэн Микеланжело гэдэг нэрээр хүмүүст алдаршсан, Италийн сэргэн мандалтын үеийн зураач, зохиолч, уран барилагч, барималч, яруу найрагч, зохион бүтээгч бөгөөд өрнөдийн урлаг болон инженерчлэлийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан хүн юм. Түүний дахин давтагдашгүй авьяас суу билэг тэр үеийн урлагт ноёрхсон байсан хэвшмэл сэтгэлгээг эвдсэнийх нь төлөө түүнийг болон Леонардо да Винчи, Рафаэль Санти нарыг сэргэн мандалын үеийн их гурав ч гэгддэг. Нэрнийх нь үүсэл нь Микел (Michael) Анжэл (Тэнгэрийн дагина)(angelo) хоёрын нийлмэл юм. Амьдарч байсан цаг үедээ Микеланжело хамгийн агуу уран бүтээлч хэмээгдэж байсан бөгөөд одоог хүртэл хамгийн агуу уран бүтээлчдийн нэгт зүй ёсоор тооцогддог.
88 наслахдаа түүний хүн төрөлхтний урлаг соёлын түүхэнд үлдээсэн бүтээлүүд нь асар их. Одоо үед хадгалагдаж үлдсэн бүтээлүүд болон захидал, ноорог, дуртгалуудын тоогоор тэрээр 16-р зууны хамгийн бүтээлч хүн юм. Хамгийн алдартай бүтээлүүд болох Пиета /Pietà/ болон Давид /David/-ийг 30 хүрэхгүй насандаа туурвисан байдаг. Уран зургийн талаарх түүний тааруухан үзэл бодлыг эс тооцвол тэрээр өрнөдийн уран зургийн түүхэнд хамгийн нөлөөтэй бүтээлүүд болох Ромд байрлах Сикстиний сүмийн ханан дээрх “Сүүлчийн шүүх” хэмээх бүтээл, Паулын мөргөлийн сүм дэх "Цовдлуулсан Гэгээн Питер" зэрэг уран зургуудыг туурвижээ. Мөн уран барилгачны хувьд Микеланжело Италийн Флоренц-д байрлах Лаурентын номын санг босгохдоо урлагийн шинэ урсгал болох Маннеризм /Mannerism/ -(Онцлог гэсэн утгатай үг) гэх хэв маягийг бий болгожээ. 74 насандаа тэрээр Антонио да Сангалло гэх уран барилгачны барьж байсан “Гэгээн Питерийн сүм”ийн барилгыг үргэлжлүүлэх болсон бөгөөд тэрээр барилгын төслийг бүхэлд нь шинэчилж уг сүм нь бүхэлдээ түүний загвараар бүтээгдсэн бөгөөд түүнийг нас барсны дараа л бүрэн баригдаж дуусжээ.
Тэрээр амьд ахуй цагтаа намтар нь бичигдсэн өрнөдийн анхны уран бүтээлч бөгөөд нас барахаас нь өмнө хоёр ч намтар бичигдэж байжээ. Тэдгээрийн нэг болох Гиоргио Васари-ийн бичсэн намтарт сэргэн мандалтын эхэн үеэс эхлэн түүний туурвисан урлагийн бүхий л бүтээлүүд, ололт амжилтуудыг тусгасан байдаг ба түүний үзэл бодлыг одоог хүртэл баримталдаг. Амьдарч байсан цаг үед нь түүнийг Il Divino ("Бурханлаг нэгэн") гэж нэрлэдэг байж. Түүний амьдарч байсан цаг үеийнхнээс түүнийг үнэлдэг байсан гол чанарууд нь түүний бүтээлүүдэд тусгагддаг эрхэмсэг сүрлэг бөгөөд гоёмсог байдал байсан ба энэ нь эцэстээ маннеризм хэмээх урсгалыг үүсгэсэн гэж үздэг.