Дорноговь аймаг
Монгол Улсын аймаг From Wikipedia, the free encyclopedia
Монгол Улсын аймаг From Wikipedia, the free encyclopedia
Дорноговь (монгол бичгээр ᠳᠣᠷᠤᠨᠠᠭᠣᠪᠢ – дорунагоби) аймаг нь Монгол Улсын зүүн аймаг бөгөөд 1931 онд байгуулагдсан. 2017 оны эцсээр 14 сум, 64 баг, 68606 хүн амтай бөгөөд олон хүн амын тоо хурдацтай нэмэгдэж байгаа юм. Аймгийн төв Сайншанд сум нь улсын нийслэл Улаанбаатар хотоос 450км-т оршдог. Дорноговь аймаг Монгол орны зүүн өмнөд хязгаарт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил залган оршдог. БНХАУ-тай 600 км- урт газраар хиллэдэг. Хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг. Энэ замын дагуу тус аймгийн бүх сумын 42,8 хувь, хүн амын 61 хувь нь оршин сууж байна.
Дорноговь аймаг
ᠳᠣᠷᠤᠨᠠᠭᠣᠪᠢᠠᠶᠢᠮᠠᠭ | |
---|---|
Улс | Монгол |
Байгуулагдсан | 1931 он |
Нийслэл | Сайншанд |
Газар нутаг | |
• Нийт | 109,472.30 км2 (42,267.49 бээр2) |
Өндөр | 784 м (2,572 фут) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 71,812 |
Цагийн бүс | UTC+8 |
Бүсийн дугаар | +976 (0)152 |
ISO 3166 код | MN-063 |
Улсын дугаар | ДГ_ |
Вэб сайт | dornogovi |
Дорноговь аймагт 2017 оны эцсийн байдлаар 20844 өрхөд 68606 хүн ам оршин суудаг бөгөөд 1 кв.км нутаг дэвсгэрт 1.5 хүн ногдож байна.
Хүн амын 61 хувь нь Сайншанд хотод, 15.2 хувь нь сумын төвд, 24.2 хувь нь хөдөөд оршин суудаг. Хүн амын 48,7 хувь нь эрэгтэйчүүд, 51,3 хувь нь эмэгтэйчүүд байна. Нэг өрхөд дунджаар 3,4 хүн ногддог. Нийт 19,7 мянган ажиллагсад байгаа нь ажил эрхэлж байгаа нэг хүнд 2,6 хүн ноогдож байна.
Хүн амын амьжиргааны түвшний үзүүлэлтээр тус аймаг улсын дунджаас дээгүүр байдаг. Нийт өрхийн 15.2 хувь, хүн амын 19,6 хувь нь амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой амьдарч байна. Ажилгүйдлийн түвшин 2.6% байгаа юм.
Хүн амын 96.5% – Халх, 1.4% – Дарьганга, 0.5% – Дөрвөд, 0.3% – Буриад, 0.2% – Баяд, 0.2% –Казах, 0.1% – Торгууд, 0.1% – Дархад Бусад, 0.7% – оршин сууж байна.
Дорноговь аймгийн нутаг бүхэлдээ говийн бүсэд багтдаг боловч өмнөд хэсэг нь говь, хойд хэсэг нь говь, хээр хосолсон нутаг юм.
Дорноговь аймаг нь Монголын зүүн өмнөд хэсгийн талархаг гадаргатай хэсэгт оршдог. Гэхдээ энд Хутаг уул (1436 м), Оцол, Сансар, Их Багадулаан, Аргалант, Хан Баянзүрх хайрхан (1031 м) зэрэг уулууд бий, Нутгийн дундуур зүүн хойшоо баруун урагшаа их хотгор газар үргэлжилнэ. Аймгийн нутаг далайн түвшнээс дээш дунджаар 952 метрт оршино. Газар нутгийн хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 1436 метр өргөгдсөн Хутаг уул/Хөвсгөл сум/, хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 700 метр өргөгдсөн Далантүрүүгийн говь/Улаанбадрах сум/ юм.
Дорноговь аймгийн нутагт том гол мөрөн, нуур байхгүй, харин газар доорхи усны их нөөц бий. Халзан уул, Бусийн Чулууны, Толь булгийн зэрэг рашаан устай. Нутгийн ихэнхэд говийн бор хөрс тархсан бөгөөд элс нилээд байдаг.
Хойд талын цэг – Зүүн уртрагийн 11000410511, хойд өргөргийн 4603715511 солбицолд орших Хүйтний хүрэн овоо.
Урд талын цэг – Зүүн уртрагийн 10805012511, хойд өргөргийн 4202314311 солбицолд орших Сулинхээр уул.
Баруун талын цэг – Зүүн уртрагийн 10703911511, хойд өргөргийн 4401815611 солбицолд орших Шинэ ус.
Зүүн талын цэг – Зүүн уртрагийн 11105715011, хойд өргөргийн 4304413011 солбицолд орших Уяа дамбын хоёр овоо.
Чингис хааны төрийн их цагаан сүлдний дагуул 8 тугийн нэг бага цагаан тугийг хааны удмын тайж нар үе залгамжлан тахиж ирсний дотор Мэргэн ван Гүршихийн эзэмшилд, тус аймгийн Хөвсгөл сумын нутагт Хутаг уул, Авдрантай уулын зүүн талд байх Сүлдэн хөх толгойд тахиж байжээ.
Дорноговь аймаг нь өнөөгийн соёлт хүн төрөлхтний мөнхийн бүтээл болох ноён хутагт Данзанравжаагийн шашин, түүх, бичиг, соёлын өв дурсгалыг хадгалж үлдсэн юм. Ноён хутагт 1803 онд Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошууны нутаг Шувуун шанд хэмээх газарт ядуу ард Дулдуйтын хүү болон төрж, хожим нь шашин төрийн зүтгэлтэн, гүн ухаантан, зохиолч, яруу найрагч, найруулагч, зураач, эм баригч, ая зохиогч, соён гэгээрүүлэгч хэмээн олноо алдаршиж, нэгэн биед багтаж ядсан их авьяас билэг, нэгэн хүн дааж ядсан өндөр их нэр хүндийн эзэн болсон юм. Д.Данзанравжаа иргэний уянгын 500 орчим шүлэг, яруу найраг, 120 гаруй дууны ая дан, 50 орчим сүм хийдийг цогцлоон бүтээж, уран зураг, сийлбэр, жүжгийн зэрэг урлагийн бүхий л хэлбэрийг говь нутагтаа хөгжүүлсэн шашин, түүх, бичиг, соёлын аугаа их өв дурсгалыг үлдээсэн соён гэгээрүүлэгч байлаа.
Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны нутаг Цавгийн ам, Эрдэнэ овоо, Үүдийн ус орчимд 1906 оноос жижиг суурин үүсгэж, хилийн цэрэг суулгаж, телефон утасны хороо, гаалийн хэсэг ажиллуулж эхэлснээр өнөөгийн Замын-Үүдийн шав тавигджээ. Тэр цагаас хойш Замын-Үүд нь улам өргөжиж Монгол улсын эдийн засаг, бараа эргэлтийн үндсэн ачааг үүрч, өмнөд хөрштэй харилцах үүд хаалга болж байгаа бөгөөд одоо тус сумын нутагт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ажил эхлээд байна.
Хилийн Замын-Үүд, Хангийн боомтууд нь Монгол Улсын эдийн засаг, бараа эргэлтийн үндсэн ачааг үүрч, өмнөд хөрштэй харилцах үүд хаалга болж байна.
1944 оны мичин жилийн зуднаар олон мянган адуун сүргийг хил дээр тогтоон барьсан гавьяат үйлсийг бүтээгсэд манай аймгийнхныг “Их говийн зоригтнууд” хэмээх хүндэт алдарт хүргэсэн билээ.
Халхын голд Японы түрэмгийлэгчдийг бут цохих тулалдаанд тус аймгийн эрэлхэг хөвгүүд оролцож, аугаа их Эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн ялалт байгуулахад агт морь, эд хөрөнгө, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, ялалтыг хамтдаа байгуулсан юм.
1954 онд жилдээ 50 мянган тонн нефть үйлдвэрлэх хүчин чадалтай Зүүнбаяны нефтийн үйлдвэр, 1956 онд Улаанбаатар-Замын-Үүдийн 700 гаруй км төмөр зам ашиглалтанд орсон, жонш олборлох уулын гурван үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн зэрэг нь тус аймгийн төдийгүй Монгол улсын хөгжил дэвшилд түүхэн үүрэг гүйцэтгэх эдийн засгийн томоохон ололтууд байлаа.
Дорноговь аймаг мах, ноос, түүхий эд бэлтгэх ажлыг сайн зохион байгуулж, улсад тэргүүн байр эзэлсэн тул:
Дорноговь аймаг ХI, ХII зууны үеийн Монголын эзэнт гүрний үед Онгуд аймаг, Манжийн ноёрхлын үед Түшээт хан болон Сэцэн хаан аймаг, Автономит төрийн үед Богд хаан уулын аймагт багтаж байжээ. Чингис хааны төрийн 8 хөлт их цагаан сүлдний дагуул 8 тугийн нэг, бага цагаан тугийг одоогийн Хөвсгөл сумын нутаг Сүлдэн хөх толгойд тахиж байсан түүхтэй. Говийн догшин ноён хутагт Данзанравжаа шашин, түүх, бичиг, соёлын аугаа их өв дурсгалыг үлдээсэн юм. Иргэний уянгын 500 орчим шүлэг, яруу найраг бичиж, 120 гаруй дууны үг аяыг зохиож,50 орчим сүм хийдийн барилгын зургийг зурж, бариулсан болон уран зураг, сийлбэр, жүжгийн зэрэг урлагийн бүхий л хэлбэрийг говь нутагт хөгжүүлсэн гавьяат үйлстэн байлаа.
Эртнээс нааш хилийн хаалга болсон Замын-Үүдээс Чойрыг дамжин их Хүрээ ордог гүнж зам, Чуулалт хаалгаас Улиастай ордог харчин буухиа өртөөний зам гэж хоёр их зам тус аймгийн нутгаар дайран гардаг байв. Энэ нь гадаад худалдаа, соёл нэвтрэх зам болж байсан юм.
1911 онд Монголчууд Манжийн эсрэг тэмцэлдээ ялж, олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсыг байгуулахад Мэргэн вангийн хошуу нэрийг сэргээн тогтоосон байна.
1921 оны Ардын хувьсгалын дараагаар Монголын ард түмэн улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын амьдралд шинэ шинэ өөрчлөлт хийж, амжилт олж, хөгжил дэвшлийн замд орсон юм. Орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтыг шинэчлэн, аймаг байгуулах шийдвэрийг 1930 онд Улсын Бага хурлын Тэргүүлэгчид, Засгийн Газар шийдвэрлэж, улмаар 1931 онд Дорноговь аймгийг байгуулснаар тус аймгийн шинэ үеийн түүх эхэлсэн билээ.
Тус аймаг бүхэлдээ говийн бүсэд хамаардаг, говь хээр хосолсон нутагтай. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, зуны улиралд +41 хэм хүртэл халж, өвлийн улиралд -40 хэм хүртэл хүйтэрдэг. Салхины дундаж хурд 4,2-4,6 м/сек, зарим үед 35 м/сек хүртэл ширүүсэх тохиолдол бий. Цаг агаарын тааламжгүй нөлөөлөл болох хүчтэй цасан ба шороон шуурга, ган, зудын аюул цөөн бус удаа тохиодог, сүүлийн жилүүдийн хуурайшилтын улмаас цөлжилтийн явц хурдасч байна. Говийн эмзэг байгалийг нөхөн сэргээх боломж хязгаарлагдмал. Гадаргын усны нөөц бараг үгүйгээс гүний усыг татаж ахуй амьдрал болон мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг.
Гадаргад нь кайнозойн эриний хурдас их тархсан бөгөөд хайлуур жоншны орд олонтой. Зэс молибден (цагаан суварга), чулуун нүүрс (Алагтогоо), төмөр (Чандмань уул) болон барилгын түүхий эдийн баялаг нөөц бий. Хайлуур, жонш олборлох уурхай байдаг.
Дорноговь аймгийн нутгаар төмөр зам нэвтрэн єнгөрөх бөгөөд Сайншанд хот нь манай орны төмөр замын чухал зангилаа юм. Дорноговь аймгийн Замын-Үүд нь Монголоос Хятад руу гарах хилийн том боомт юм. 2016 оноос Ханги боомт байнгын ажиллагаанд орсон.
Дорноговь аймагт Ерөнхий боловсролын 5 сургууль, 17 дотуур байр, 21 цэцэрлэг, эрүүл мэндийн 72 байгууллага, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг эрүүл мэнд, боловсролын байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг.
Соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн нэрэмжит "Саранхөхөө" театр, Хүүхдийн ордон, Залуучуудын хөгжлийн төв, Иргэдийн хөгжил төв, Усан спорт сургалтын төв, Нийтийн номын сан, Орон нутгийн судлах музей, Ноён хутагт Данзанравжаагийн музей, "Миний нутаг" фм 101.5 радио, Бизнес радио 93.1, DTV телевиз, DSB телевиз Өнөөгийн Дорноговь, Дорноговийн шуудан сонин зэрэг соёл мэдээллийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.
Хар сүүлт, хулан, янгир, аргаль зэрэг ховор ан амьтан элбэг.
2014 онд Чойр-Сайншанд-Замын-Үүдийн 432 км урт сайн чанарын хатуу хучилттай зам ашиглалтанд орсон. Сайншанд-Зүүнбаян-Хөвсгөл-Ханги боомтын 260 км хатуу хучилттай авто замын зураг, төсөв хийгдээд байна.
Чойр-Айраг-Сайншанд-Замын-Үүд 110 кВ
Сайншанд-Зүүнбаян 35 кВ,
"ТОБЭМ" ХХК.
Жонш – Монросцветмет нэгдлийн уулын үйлдвэр Өргөн, Айраг, Даланжаргалан суманд ажиллаж Монгол улсын жоншны 30 хувийг үйлдвэрлэж байна.
1. “Доншен газрын тос /Монгол/” ХХК 97-р талбай
2. “Golden sea petrolium" ХХК Тариач XV
3. “DWM" ХХК, “Манас гоби” ХХК Цагаан элс XIII, Зүүнбаян XIV
4. "Шунхлай энержи" ХХК Сулин хээр XXIII
5. "Сансарын геологи хайгуул" ХХК Төхөм хойд Х
6. “Зон Хэн Юу Тиан” ХХК Галба XI
“Доншен Монгол” ХХК нь Зүүнбаянд 2003 оноос газрын тосны хайгуул явуулж байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заагдсан хайгуулын 5314 кв талбайд жилд 600 мянга орчим баррель түүхий нефть олборлож, экпортолж байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөл ёсоор эрэл хайгуулын үе шат 2010 онд дуусах бөгөөд үүнээс хойш олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөгдсөн.
1. Ашигт малтмал
2. Боловсруулах үйлдвэр
3. Хүний хөгжил
4. Хөдөө аж ахуй
5. Аялал жуулчлал
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.